БҮРТГЭЛ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АЖИЛТНЫ УЛСЫН VI ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны Улсын VI зөвлөгөөн 2019 оны 9 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, яамдын болон харьяа агентлаг, байгууллагын ажилтнуудын зөвлөгөөнөөс сонгогдсон бүртгэл, санхүү, эдийн засаг, татвар, нийгмийн даатгал, банк, статистикийн албаны нийт 700 орчим төлөөлөгч оролцлоо.

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөнд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүлж, УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлт ирүүлж, Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөний үйл ажиллагаанд баяр хүргэж амжилт хүсэв.

Энэхүү зөвлөгөөн нь 8 жилийн дараа ийнхүү зохион байгуулагдсан бөгөөд манай улсын   бүртгэл, санхүү эдийн засгийн албаныхан өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөдөг хамгийн том арга хэмжээ юм. 

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын санхүү, эдийн засгийн шинэчлэл, сорилт” сэдвээр үндсэн илтгэл тавьсан бол “Төсвийн шинэчлэл, сорилтууд”, “Банк-санхүүгийн хөгжлийн чиг хандлага”, “Макро эдийн засаг, статистикийн төлөв байдал, хөгжлийн хандлага”, “Нягтлан бодох бүртгэл, үнэлгээ, аудит: Шинэчлэл зорилтууд” гэсэн 4 салбар хуралдаанаар 16 илтгэл хэлэлцэв.

Зөвлөгөөнд оролцогчид Монгол улсын эдийн засаг, санхүүгийн салбарт гарсан ахиц ололтыг дүгнэж, тулгамдаж буй асуудал болон эдийн засгийн хүрээн дэх цаашдын бодлогоо тодорхойлж, зөвлөмж гаргалаа.

Энэ удаагийн улсын VI зөвлөгөөн нь 2012 оноос хойш тасралтгүй унасан эдийн засгийн хүндрэлийг даван туулж, буцаан сэргээж байгаа сэргэлтийн мөчлөг дээр зохион байгуулагдснаараа онцлогтой байв.

 

 

“Тэргүүний нягтлан бодогч, санхүүгийн ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн”

Тэргүүний нягтлан бодогч, санхүүгийн ажилтны улсын анхдугаар зөвлөгөөнийг 1965 онд анх зохион байгуулж байсан бөгөөд нягтлан бодогч, санхүүгийн ажилтныг төлөөлж, тухайн үед 600 гаруй хүн оролцож байжээ. Энэхүү зөвлөгөөний илтгэл тус орны аж ахуйн газар, байгууллагын тооцоо бүртгэл, аж ахуйн тооцоог бэхжүүлэх зорилт, санхүүгийн хяналт шалгалтын байдлыг бүх талаар тусгаж, ололт амжилт, оршиж байгаа дутагдал доголдол, цаашид дэвшүүлэх зорилтыг тодорхойлж өгч байсан юм.

 “Нягтлан бодогч, санхүү, статистикийн ажилтны улсын II зөвлөгөөн”

Улсын II зөвлөгөөн1980 онд зохион байгуулагдаж төлөөлөгчөөр 848 хүн, урилгаар 290 хүн оролцож байв.

Энэхүү зөвлөгөөнд “Социалист өмчийг хамгаалахад бүртгэл мэдээллээр тавих хяналтыг өндөржүүлье”; “Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд санхүү, төсвийн хөшүүргийн үр нөлөө, төгрөгийн хяналтын ролийг өндөржүүлье”; ” Аж ахуйн тооцооны зарчмыг хэрэгжүүлэхэд зээл тооцооны механизмын үзүүлэх үр нөлөөг дээшлүүлье” гэсэн сэдвийн доор гурван салбар хуралдаантай болж байжээ.

“Бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны улсын III зөвлөгөөн”

            Бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны улсын III зөвлөгөөн 22 жил завсарласны дараа буюу 2002 онд болж төлөөлөгчөөр 600 хүн, урилгаар 240 хүн оролцжээ. Тус III зөвлөгөөнөөр санхүүч, эдийн засагчид хийсэн ажлаа дүгнэж, цаашдын зорилтыг тодорхойлоход Оросын Холбооны Улсын бүртгэлийн системээс Олон Улсын Нягтлан Бодох Бүртгэлийн Стандартад, Бүртгэл тооцооны гар ажиллагаанаас компьютерт мэдээлэл боловсруулах системд, мэргэжлийн нягтлан бодогчоос мэргэшсэн нягтлан бодогчид, хяналт шалгалтаас хараат бус аудит руу шилжсэн зэрэг тогтолцооны олон өөрчлөлтүүд гарсан түүхэн он жилүүд байснаараа энэ зөвлөгөөн онцлогтой байлаа.

“Бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны улсын IV зөвлөгөөн”

Бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны улсын IV зөвлөгөөн нь  2007 онд болж төлөөлөгчөөр 400, урилгаар 100 гаруй хүн оролцож, Монгол Улсын эдийн засгийн шилжилтийн үеийн сургамж, эдийн засгийн хүрээний шинэчлэлийн бодлого, зорилт илтгэлийг  хэлэлцэн тодорхойлсон. Төрийн санхүү, эдийн засгийн бодлогын шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлсэнээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож, улсын сан хөмрөг нэмэгдэж төсөв анх удаагаа ашигтай гарч, татварын шинэ бодлогыг бэхжүүлж, олон улсын жишигт нийцсэн бүртгэл,  аудитын тогтолцоог хөгжүүлж байгааг тодорхойлсон зөвлөгөөн болж байсан түүхтэй.

“Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын V зөвлөгөөн”

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын V зөвлөгөөн 2011 онд зохион байгуулагдаж, төлөөлөгчөөр 450, урилгаар 100 гаруй хүн оролцсон бөгөөд Монгол улс үндэсний баялаг, чадамжаа ашиглаж тогтвортой өндөр хурдацтай хөгжих эхлэл тавигдаж буй цаг үетэй давхацсан онцлог үйл явдал байлаа.

Тус зөвлөгөөнөөс “эдийн засгийн хөгжлийн хурдцыг бий болгож, тогтвортой байлгаж, түүний үр дүнг ард иргэд, нийгэмдээ түргэн хүртээх, үр ашиг, чанарыг дээшлүүлэх явдлыг эрхэм зорилгоо болгосон” зөвлөмж гаргаж, түүнийг мөрдөж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалсан байна.