ӨМНӨХ ЗӨВЛӨГӨӨНИЙ ОНЦЛОГУУД

“Тэргүүний нягтлан бодогч, санхүүгийн ажилтны Улсын анхдугаар зөвлөгөөн”

 Тэргүүний нягтлан бодогч, санхүүгийн ажилтны Улсын анхдугаар зөвлөгөөнийг 1965 онд анх зохион байгуулагдаж байсан бөгөөд нягтлан бодогч, санхүүгийн ажилтныг төлөөлж, 600 гаруй хүн оролцож байжээ. Энэхүү зөвлөгөөний илтгэл тус орны аж ахуйн газар, байгууллагын тооцоо бүртгэл, аж ахуйн тооцоог бэхжүүлэх зорилт, санхүүгийн хяналт шалгалтын байдлыг бүх талаар тусгаж, ололт амжилт, оршиж байгаа дутагдал доголдол, цаашид дэвшүүлэх зорилтыг тодорхойлж өгч байсан юм.

“Нягтлан бодогч, санхүү, статистикийн ажилтны улсын II зөвлөгөөн”

 II зөвлөгөөнийг 1980 онд “Нягтлан бодогч, санхүү, статистикийн ажилтны улсын II зөвлөгөөн” нэрээр хийсэн ба зөвлөгөөнд төлөөлөгчөөр 848 хүн, урилгаар 290 хүн оролцож, “Социалист өмчийг хамгаалан арвижуулах, арвилан хэмнэх талаар намаас дэвшүүлсэн Зарчмын лоозон, уриаг хэрэгжүүлэхэд нягтлан бодогч, санхүү, статистикийн ажилтны үүрэг , зорилт” гэсэн үндсэн илтгэлийг МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, Зөвлөгөөнийг зохион байгуулах комиссын дарга Т.Рагчаа  тавьж хэлэлцүүлсэн байна.

Энэхүү II зөвлөгөөн “Социалист өмчийг хамгаалахад бүртгэл мэдээллээр тавих хяналтыг өндөржүүлье”; “Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд санхүү, төсвийн хөшүүргийн үр нөлөө, төгрөгийн хяналтын ролийг өндөржүүлье”; ” Аж ахуйн тооцооны зарчмыг хэрэгжүүлэхэд зээл тооцооны механизмын үзүүлэх үр нөлөөг дээшлүүлье” гэсэн сэдвийн доор гурван салбар хуралдаантай болж байжээ.

 

“Бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны III зөвлөгөөн”

 Бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны III зөвлөгөөн 22 жил завсарласны дараа буюу 2002 онд болж төлөөлөгчөөр 600 хүн, урилгаар 240 хүн оролцжээ. Тус III зөвлөгөөнөөр санхүүч, эдийн засагчид хийсэн ажлаа дүгнэж, цаашдын зорилтыг тодорхойлоход Оросын Холбооны Улсын бүртгэлийн системээс Олон Улсын Нягтлан Бодох Бүртгэлийн Стандартад, Бүртгэл тооцооны гар ажиллагаанаас компьютерт мэдээлэл боловсруулах системд, мэргэжлийн нягтлан бодогчоос мэргэшсэн нягтлан бодогчид, хяналт шалгалтаас хараат бус аудит руу шилжсэн зэрэг тогтолцооны олон өөрчлөлтүүд гарсан түүхэн он жилүүд байснаараа энэ зөвлөгөөн онцлогтой байлаа.

 

 “Бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны IV зөвлөгөөн”

Бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны IV зөвлөгөөн 2007 онд болж төлөөлөгчөөр 400, урилгаар 100 гаруй хүн оролцож, Монгол Улсын эдийн засгийн шилжилтийн үеийн сургамж, эдийн засгийн хүрээний шинэчлэлийн бодлого, зорилт илтгэлийг  хэлэлцэн тодорхойлсон.

Өнгөрсөн 4 жилд төрийн санхүү, эдийн засгийн бодлогын шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлсэнээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож, улсын сан хөмрөг нэмэгдэж төсөв анх удаагаа ашигтай гарч, татварын шинэ бодлогыг бэхжүүлж, олон улсын жишигт нийцсэн бүртгэл,  аудитын тогтолцоог хөгжүүлж байгааг тодорхойлсон зөвлөгөөн болж байсан түүхтэй.

 

“Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын зөвлөгөөн”

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын V зөвлөгөөн 2011 онд зохион байгуулагдаж, төлөөлөгчөөр 450, урилгаар 100 гаруй хүн оролцсон бөгөөд Монгол улс үндэсний баялаг, чадамжаа ашиглаж тогтвортой өндөр хурдацтай хөгжих эхлэл тавигдаж буй цаг үетэй давхацсан онцлог үйл явдал байлаа.

Уг зөвлөгөөнөөр манай улсын эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн бодлого арга хэмжээний хэрэгжилтийн байдалд тодорхой дүгнэлт өгч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг шүүн хэлэлцэж, ойрын ирээдүйд анхаарлаа хандуулбал зохих бодлого, зорилт арга хэмжээний ерөнхий чиг хандлага, дүр төрхийг тодорхойлсон олон дүгнэлт гаргаснаас зармыг дурдвал:

Нэгдүгээрт: Бүртгэл, санхүүгийн тогтолцооны найдвартай байдлыг бататгаж, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих, гол хэрэгсэл болгон төлөвшүүлэх;

Хоёрдугаарт: Бүртгэл, төсөв, санхүүгийн ил тод байдал, хариуцлага, иргэдийн мэдлэг мэдээлэлтэй оролцоог ханган улам бүр нээлттэй болгох;

Гуравдугаарт: Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахдаа санхүү, төсвийн хариуцлагатай засаглалын эрх зүйн шинэ орчинг олон улсын жишигт нийцүүлэн бүрдүүлж, эдийн засгийн өсөлтөнд хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийн оруулах эерэг хувь нэмрийг урамшуулах, нийгмийн асуудалд илүүтэй анхаарах нөхцөл боломж бүрдэж байна.

Тус зөвлөгөөнөөс “эдийн засгийн хөгжлийн хурдцыг бий болгож, тогтвортой байлгаж, түүний үр дүнг ард иргэд, нийгэмдээ түргэн хүртээх, үр ашиг, чанарыг дээшлүүлэх явдлыг эрхэм зорилгоо болгосон” зөвлөмж гаргаж, түүнийг мөрдөж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалсан байна.