МОНГОЛ УЛСЫН БҮРТГЭЛ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АЖИЛТНЫ УЛСЫН VI ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

Сангийн яамнаас Монгол Улсын Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөнийг  2019 оны 09 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулахаар товлоод байна. 
Уг зөвлөгөөнөөр Монгол улсын Бүртгэл, санхүү, эдийн засгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, эдийн засаг, санхүүгийн салбарт гарсан ахиц дэвшил ололтыг дүгнэх, тулгамдаж буй асуудал болон эн тэргүүнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг  хэлэлцэн тодорхойлох зорилготой юм.
Тус зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, яамдын болон харьяа агентлаг, байгууллагын ажилтнуудын зөвлөгөөнөөс сонгогдсон бүртгэл, санхүү, эдийн засаг, татвар, нийгмийн даатгал, банк, статистикийн албаны нийт 400 орчим төлөөлөгч оролцоно.
Энэхүү зөвлөгөөн нь Монгол улсад анх 1965 онд “Тэргүүний Нягтлан бодогч, санхүүгийн ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн” нэртэйгээр  зохион байгуулагдаж байсан юм. 
Харин II зөвлөгөөн 1980 онд, III, IV зөвлөгөөн нь 2003, 2007 онд тус тус зохион байгуулагдаж байв. 
Улсын V зөвлөгөөнийг 2011 онд зохион байгуулсан бөгөөд энэ нь Монгол улсад Санхүү, эдийн засгийн алба буюу одоогийн Сангийн яам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойтой давхцсанаараа онцлог байв. Мөн V зөвлөгөөнөөс эхэлж “тэргүүний” гэсэн үгийг хасаж, “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны Улсын зөвлөгөөн” гэж нэрлэхээр тогтсон байна.